Дэлхийд өрсөлдөх оюуны спортын тамирчдыг тодруулна

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга - 2021” оюуны спортын 11 дэх удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд явагдана. Тус тэмцээнд нийт 72 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд өрсөлдөх ба “Нэр – зүс царай”, “Тооны марафон”, “Хийсвэр зураг”, “Дуут цифр”, “Олон багц хөзөр”, “Хоёртын тоолол”, “Түүхэн үйл явдал”, “Баганад өгөгдсөн үгс”, “Хурдны хөзөр” зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрөлд шилдгүүдээ тодруулна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын 2-р зэрэглэлийн шүүгч Х.Хатанбаатар, Ө.Сэнгэсамдан, Б.Баасандорж нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн аварга 3, Олон Улсын Их Мастер 3, Олон Улсын Мастер 2, Азийн мастер 2 буюу олон улсын цолтой нийт 10 тамирчин оролцоно.

Энэхүү тэмцээний зорилго нь ой тогтоолтын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршиж байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч “Pizza Hut” брэнд ажиллаж байгаа ба тус брэнд нь 2019 оноос Монголын Оюун Ухааны Академитай хамтран "Ирээдүйн ой тогтоолтын тамирчид" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн 17 хүүхдийн сургалтын төлбөрийг 100% төлж дэмжлэг үзүүлж байгаа билээ. Эдгээр суралцагчдаас “Pizza Hut” брэнд нь нэг тамирчныг сонгож, цаашид олон улсын тэмцээн, уралдаанд оролцох зардлыг 100% ивээн тэтгэх юм. Эх орныхоо төрийн далбааг олон улсын тавцанд өргөх шилдэг тамирчин тун удахгүй тодорно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Ikon.mn