БШУЯ, ЭМЯ хамтран эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах төлөвлөгөө боловсруулна

Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалт болжээ.

Уулзалтаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болох, төгсөлтийн дараах сургалтад элсэн суралцагчдын хяналтын тоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлтөд тулгуурлан нэгдсэн байдлаар тогтоох, төгсөлтийн дараах сургалтыг зохицуулж буй эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.

Мөн талууд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Д.Должин, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Т.Баясгалан болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Эх сурвалж: ЭМЯ